1932 оны 11-р сарын 4нд Наполеон Францын хувьсгалын үед гарч иржээ. Европын эзэн хаадын эсрэг өндийн боссон бүгд найрамдах Франц орон тэрхүү корсик нутгийн бяцхан эрхшээлд орсон ажээ. Тэр цагт Франц орон хамгийн сайханаараа бүгдэд гайхагдаж байсан. Францын яруу найрагч Барбье өөрийн бүтээлдээ Франц орныг хээрийн зэрлэг амьтантай, толгойгоо дээгүүр хаялан, үс сор нь гялалзан жавхалзаж, дураараа давхисан эрэмгий хүлэг морьтой адилтган ийнхүү бичжээ.
Хангал тэр хүлэг эмээл хазаар, тоног хэрэглэл тэргүүтнийг хармагцаа л догширон цамнаж, туурайгаараа газар цавчлах бөгөөд янцгаах дуунд нь хотол олон сүрдэн чичирч байжээ. Омголон тэр хүлэг харин Корсик нутгийн залууд эмээллүүлж, тэр залуу сэтгэлд багтамгүй гайхам олон ялалт байгуулснаар барахгүй унасан хүлгээ ч номхтгож, омголон дураараа аашилдгий нь болиулжээ. Тийнхүү эцэж туйлдан тамир тэнхлээ барсны эцэст тэр хүлэг залууг нуруун дээрээсээ булгин хаяж, өөрөө үхэтхийн унасан ажуу.
Хангал тэр хүлэг эмээл хазаар, тоног хэрэглэл тэргүүтнийг хармагцаа л догширон цамнаж, туурайгаараа газар цавчлах бөгөөд янцгаах дуунд нь хотол олон сүрдэн чичирч байжээ. Омголон тэр хүлэг харин Корсик нутгийн залууд эмээллүүлж, тэр залуу сэтгэлд багтамгүй гайхам олон ялалт байгуулснаар барахгүй унасан хүлгээ ч номхтгож, омголон дураараа аашилдгий нь болиулжээ. Тийнхүү эцэж туйлдан тамир тэнхлээ барсны эцэст тэр хүлэг залууг нуруун дээрээсээ булгин хаяж, өөрөө үхэтхийн унасан ажуу.
Адтай сайхан байсан даа, Франц орон!
Амгай хазаар алтан шпор алиныг ч мэдэхгүй,
Аргагүй л нэг эмнэг хангал байсан Хаан эзний бүлээхэн цус нь,
Хангал хүлгийн хажуу уруу садарлаа
Харвах түмэн зуун илээсэн нутаг минь
Хамгаас түрүүлж эрх чөлөөгөө оллоо
Галгиун хүлгэнд хүрэх байтугай
Гараа сарвайх зоригтон үгүй байлаа
Харийн нутгийн хүн ч атугай
Хавьтаж ойртож чадаагүй байлаа
Онгон бие нь гялалзан сорлоод
Омголон харц нь гал цогоор бадарна
Янцгаах дуунд нь хотол даяар цочоод
Яриангүй сонссон бүхэн сүрднэм.
Наполеон гэгч ямар хүн байв аа? Олонхын нэрлэдгээр энэ дэлхийд хувь зохиолоор учран төрсөн их хүмүүсийн нэг, олон янзын дарамтаасаа ангижрахад нь хүн төрөлхтөнд тусалсан хүчтэн баатар байгаа юу? Эсэхүл Герберт Дж. Уэллс хийгээд бас бус хүмүүсийн хэлдгзэр Европт ч, соёл иргэншилд ч балаг тарьсан ердөө л нэг адал балмад тонуулчин байсан уу? Энэ хоёр үзэл хоёулаа хэтрүүлэгтэй бөгөөд хоёул үнэний хувьтай ч байж болох юм. Бид бүгд ч сайн муу, их багыг хосолсон нийлэг билээ. Наполеонд үнэхээр тийм чанар хосолмол, тэгэхдээ бид бүхэнд байдгаас илүү онцгой чанартайгаар хосолсон байжээ. Тэр бол эрэлхэг зоригтой, гүн итгэлтэй, ургуулан бодох ухаалаг, гайхалтай эрэмгий чадалтай, алдар нэрэнд туйлын шунаг хүн байсан. Тэр цэргийн том жанжин, дайтах урлагийг нь эртний цэргийн их жанжин Александр, Чингис нартай зүйрлэн үзэж болохоор хүн байв. Гэвч бас л хар амиа хичээсэн охор богино бодолтой, эзэрхүү дээрэлхүү зантай бөгөºд ганцаар жанжлах хүслэнд автсан хүн байжээ. Тэрээр өөрийн алдар нэрээ «Энэ бол миний нууц амраг мөн! Би түүнийг амь сөрөн олж авсан тул хэнд ч булаалгахгүй хэнтэй ч хуваалцахгүй!» гэжээ.
Тэр хувьсгалаар гарч ирсэн мөртлөө асар том эзэнт гүрэн байгуулахын хүслэнд автаж, Александрын ялалт оюун санаагий нь ямагт эзэмдэж байжээ. Дорно зүг, ялангуяа Египет, Энэтхэг түүнийг даллан байжээ. Тэр хорин долоон настай, эрх сүр нь өрнөж байсан үедээ: «Дорно зүгт, зургаан зуун сая хүн оршин суудаг.Дорно зүгт л их эзэнт гүрэн байгуулагдаж, том өөрчлөлт болж байсан юм; Европ бол сохор номины нүх л гэсэн үг!» гэж хэлж байжээ. Наполеон Бонапарт францын эзэмшилд байсан Корсика арал дээр 1769 îíû 5 ñàðûí 5 íä төржээ. Тэрээр Франц корсика хийгээд мөн итали цус холилдсон хүн юм. Наполеон Францад цэргийн сургуульд суралцаж төгсөөд, хувьсгалын үеэр Якобинчуудын клубийн гишүүнээр элссэн байна. Яг үнэндээ тэр якобинчуудтай үзэл санаа нийлсэндээ биш, харин зөвхөн хувийн ашиг сонирхлын үүднээс л нэгдсэн юм. Наполеон 1793 онд Тулоны дэргэд анхныхаа ялалтыг байгуулжээ. Хувьсгалт дэглэмийн тоосонд дарагдсан франц оронд эд хөрөнгөө алдах вий гэхээс эмээж байсан баячуудаар дүүрсэн байлаа. Тулон хотын баячууд англичуудыг урин ирүүлж, францын цэргийн флотын үлдэгдлийг тэдэнд шилжүүлж өгөхөөр шийдсэн байжээ. Тэр болон бусад олон золгүй явдал залуу бүгд найрамдах улсад том цохилт болсон тул буу барьж чадах хүн бүр, тэр байтугай эмэгтэйчүүдийг хүртэл армид орохыг уриалсан байна. Наполеон чадварлаг дайралт хийж үймээн дэгдээгчид болон Тулонд байсан англичуудыг бут ниргэжээ. Түүний нэр мандаж, хорин дөрвөн насандаа генерал болсон байна. Гэвч хэдхэн сарын дараа Наполеоныг Робеспьерийн намын гишүүн гэж сэжиглэсэн байна. Тухайн үеийн Францын засгийн газар Робеспьерийг буруу үзэл суртал тараагч хэмээн буруутгаж цаазаар авсан юм. Гэтэл үнэхээр тэр нам нь цорын ганц гишүүнтэй байсан, тэр нь Наполеон өөрөө байжээ!
Директорыг засгийн эрхэнд гарахад Наполеон якобины талын хүн биш гэдгээ нотолсон төдийгүй жирийн ард олныг хэнэг ч үгүй буудаж чаддаг хувьсгалын эсэргүү удирдагч болохоо баталсан байна. Энэ бол 1795 онд болсон алдарт « үрлэн сумны утаа » байсан юм. Яг энэ өдөр Наполеон бүгд найрамдахчуудтай дайн зарлаж арван жилийн дараа нь тэднийг бүр мөсөн дарж өөрөө Францын засгийн эрхэнд гарсан юм.
Наполеон 1796 онд Францийн армийн командлагчаар томилогдож Италийн умард хэсэгт ялалт байгуулсанаар Европт даяар мандсан юм. Францын армийн хувьсгалт гал цог нь буураагүй боловч гутал хувцас ч үгүй, хоол хүнс ч үгүй, мөнгө ч үгүй болсон байжээ. Наполеон Италийн баялаг нуга талд очмогцоо хоол хүнс, эд агуурсаар хангана гэж амлан уранхай ноорхой хувцастай, хөл нүцгэн тэр цэргүүдийг удирдан Альпын нурууг давсан байна. Нөгөө талаар тэр Италийн ард түмэнд эрх чөлөө олгоно гэж амлан тэднийг дарлагчдаас чөлөөлөхөөр хөдөлсөн ажээ. Тийнхүү итали цус холилдсон Наполеон франц, италийн ард түмний хоёулангийнх нь санаа бодлыг овжин ашиглаж, тэдний талархлыг хүлээж чаджээ.
Түүний нэр алдар нь европ даяар түгж байв. Гэвч түүнд өчүүхэн төдий ханаж цадах сэтгэл байсангүй. Наполеон армийнхаа цэргүүдэд учирдаг зовлон бэрхшээл, аюул заналыг биеэр хуваалцаж, дайралтад орох үеэр ямагт хамгийн аюултай хэсэгт явдаг байв. Наполеон жинхэнэ гавьяа байгуулсан хүнийг сайтар мэдэж, заримдаа бүр тулалдааны талбарт ч шууд хөхүүлэн урамшуулна. Тэр цэргүүддээ залуу гэгээнтэн болж цэргүүд ч түүнийг өхөөрдөн бяцхан дарга гэж нэрлэн, «чи» хэмээн нөхөрсгөөр дуудан ярилцдаг байжээ. Гуч ч хүрээгүй залуу генерал францын цэргүүдийн хайртай хүн болсон нь гайхах зүйл биш билээ. Наполеон Умард Италийг бүхэлд нь ялалтын аянаар гаталж тэнд Австрийг бут цохиод хуучин Венецийн бүгд найрамдах улсыг мөхөөн эзэрхэг түрэмгий гэрээ байгуулж, ялагч, том баатрын ёсоор Парист буцаж ирэхэд нь Директори төдий л дуртай биш байжээ. Тэр нэгэнт тушаал дэвшихүйц гавъяа байгуулан иржээ. Гэвч Наполеон засгийн эрхэнд гарах хараахан болоогүй гэж бодсон бололтой армиа аван Египет орохоор шийджээ.
Тэр бүр бага байхаасаа Дорно зүг тийш сэтгэл үргэлж татагддаг байжээ. Энэ удаад түүнд хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх нөхцөл нэгэнт бүрдсэн байв. Түүний сэтгэлийн дотор эртний чулууны бичээсийн нууцыг тайлах чин хүсэл агуулагдаж байв. Сүүлд тэр Грек үсгийн тусламжтайгаар хоёр хувилбар дүрс бичгийг тайлж чадсан байна. Түүнчлэн Суэцийн хүзүүвчээр суваг татах саналыг Наполеон ихэд шохоорхож байсан. Наполеон Египетэд ирээд персийн шах хийгээд Өмнөд Энэтхэгийг захирч байсан Тип Султантай хэлэлцээр хийхийг оролдсон ч бүтсэнгүй. Египтэд Францын арми харамсалтайгаар Англид ялагдал хүлээсэн юм. Наполеоныг Египетээс буцаж ирэхэд Францын байдал улам муудсан байв. Францын ард түмний итгэл алдарч, Директорын нэр хүнд унажээ. Бүх хүн Наполеонд анхаарлаа хандуулж байсан ч тэрээр засгийн эрхийг гартаа авахаас татгалзсан юм.
Наполеон буцаж ирснээсээ хойш нэг сарын дараа 1799 оны арван нэгдүгээр сард ах Люсьенийхээ туслалцаатайгаар Таван зуугийн Зөвлөлийн Хурлыг хүчээр хөөн тарааж, Директорийн гаргасан үндсэн хуулийг үгүй хийжээ. Наполеон тийнхүү хүчээр төрийн эргэлт хийж бүх асуудлыг эрхэндээ авчээ. Ард түмэн түүнд маш их итгэдэг байсан учраас тийм төрийн эргэлтийг хялбархан хийж чаджээ.
Франц оронд хувьсгал нэгэнт үеэ өнгөрөөжээ. Шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулж, түүнд гурван консулыг тохоон томилохоор (Эртний Ромд байсан шиг) заасан байна. Тэгэхдээ хамгийн гол консул нь арван жилийн хугацаагаар сонгогдон, засгийн бүх эрхийг гартаа барих тэргүүн консул болох бөгөөд тэр нь Наполеон байлаа.
Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр хүмүүс үндсэн хуультай хаан буюу одоогийи францын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч шиг жинхэнэ засгийн эрх мэдэл барьдаггүй, зөвхөн албан баримт бичигт гарын үсэг зурж, улсаа албан ёсоор төлөөлөх гол үүрэгтэй буюу бэлэг тэмдэг төдий ерөнхийлөгч сонгох санал тавьжээ. Гэвч Наполеонд хааны өмсгөл хэрэггүй, харин засгийн эрх барих нь л хэрэгтэй тул эрх мэдэл байхгүй тийм хоосон нэр цол, хүндэтгэлийг тэр үл хэрэгсжээ. «Тэр бордооны гахайгаа аваад тонил!» гэж Наполеон эгдүүцэн хашхирч байв. Үндсэн хууль хийгээд Наполеоныг арван жилийн хугацаагаар тэргүүн консулаар тохоон томилох ажлыг ард нийтийн сонгуулиар шийдэхэд гурван сая гаруй хүн санал өгсөн нь бараг нэг дуугаар сонгосон хэрэг байжээ. Тийнхүү Францын ард түмэн эрх чөлөө, аз жаргал хайрлана гэсэн биелшгүй найдлагаар Наполеоныг засгийн эрхэнд өргөмжилсөн байна.
Түүний түүх асар эгзэгтэй нарийн бөгөөд засгийн эрхийн төлөө үхэлдэн зүтгэсэн үйл явдлаар дүүрэн юм. Төрийн эргэлт хийснийхээ маргааш шөнө нь л тэрбээр үндсэн хууль бичиж, батлагдахаас нь өмнө Нэгдсэн хууль боловсруулах комисс томилжээ. Энэ бол түүний хаанчлалын анхны баримт бичиг байсан юм. Тэр хуулийг Наполеон өөрөө биеэр оролцон удтал хэлэлцсэний дараа 1804 онд баталсан ажээ. Түүнийг Наполеоны хууль хэмээн нэрлэдэг. Энэ хууль нь тэр үеийн байдалтай харьцуулан үзвэл бас ч урагш ахисан, зуун жилийн турш Европ дахинд бараг баримтлах үлгэр жишээ хууль болсон.
Наполеон бүх ажилд биеэр оролцдог, бүх зүйлийг маш нарийн мэддэг байжээ. Наполеон гайхалтай уйгагүй ажилч, авьяас чадвартай хүн байсан тул ажилтнууд хийгээд нарийн бичгийн дарга нараа ядарч туйлдтал нь зүтгүүлдэг байжээ. Түүний нэг ажилтан Наполеоны тухай: «Төр улсын хэргийг удирдан жолоодох, хэлэлцээр хийхдээ маш зохион байгуулалттай, хурдан шаламгай амжуулж, хоногт арван найман цаг ажилладаг байсан. Наполеон төр улсыг удирдах ажилд гурван жилийн дотор бусад хаад ноёдын бүхэл бүтэн зуун жил хийхээс ч илүү зүйл амжуулсан» хэмээн бичжээ. Энэ бол хэтрүүлсэн үг боловч Наполеон Акбарын нэгэн адил ер бишийн их ой ухаантай, сэтгэл оюунаа захирч ажиллуулж чаддаг хүн байсан нь тодорхой.
«Би сэтгэл оюунаа амрааж, ямар нэгэн ажил хэргийн тухай бодож санахаа больё гэсэн цагтаа тэр хайрцгаа цааш нь хураачихаад, өөр ажилд зориулсан хайрцгаа нээдэг юм. Хайрцгуудыг хооронд нь хутгахгүй болохоор би сэтгэл төөрөлдөж, ядардаггүй юм. Хэрэв унтмаар бол бүх хайрцгаа хаачихна, тэгээд л унтаад өгнө» гэж Наполеон ярьдаг байжээ. Үнэхээр тэр ид тулалдаан болж байхад ч хэсэг зуур хажуулан хагас цаг унтаж аваад дараа нь удтал эрчимтэйгээр ажиллаж чаддаг байсан ажээ. Түүнийг арван жилийн хугацаатай Тэргүүн консулын байранд тавьжээ. Гурван жил өнгөрсний дараа тэр 1802 онд өөрийгөө насан турш эзэн ширээнд консулаар тохон томилж, онцгой эрх мэдлээ өргөтгөжээ. Тэрбээр бүгд найрамдах засгийг эцэс болгож титэмгүй болохоос биш бүх талаар эзэн хаан болсон боловч титэмтэй болох нь дамжиггүй байв. Наполеон 1804 онд бүх ард түмний санал хураалтын дараа өөрийгөө ззэн хаан болгон өргөжилжээ.
Тэр Францад онцгой эрх мэдэлтэй байсан боловч урьд нь байсан хэмжээгүй эрхт хаадаас ихээхэн ялгаатай байв. Түүний эзэрхийлэн захирах ёс хуучин уламжлал болсон эзэн тэнгэрээс заяасан эрхэд тулгуурладаггүй байлаа. Харин тэр зохистой удирдлагын арга барил, ард түмний дунд олсон нэр хүнд, итгэл найдвараар дулдуйддаг байв. «Төрийн зусар ёсны чалчаа яриа надад огтхон ч хэрэггүй! Би эөвхөн тариачин хүний санаа бодлыг л эрхэмлэн үздэг хүн» гэж тэр нэг удаа хэлж байжээ. Гэвч тариачид нь хүртэл бараг тасралтгүй сунжран байсан дайнд үр хүүхдээ явуулахаас татгалзах болсон байлаа. Наполеон тэр үед л түүний тулгуур ганхаж байгааг ойлгожээ. Наполеон арван жил эзэн хаан суусан бөгөөд тэр арван жилийн турш нийт Европоор хөндлөн гулд хөлхөн гайхалтай их аялал хийж, тулалдаануудад хосгүй ялалт байгуулж байлаа.
Европ даяар түүний нэрийг сонсонгуутаа л дагжин чичирч, урьд цагт өөр хэний ч эрх мэдэлд тэгтлээ автаж байгаагүйгээр Наполеоны эрхшээлд орсон байв. Маренго (энэ бол 1800 оны өвөл Наполеон армиа удирдан Швейцарт байдаг Их Сен.Бернарын цаст уулсыг даван Альпийн нурууг гаталсан газар юм) Ульм, Аустерлиц, Иена, Эйлау, Фридланд Ваграм гээд л хуурай газар дээр түүний хийсэн том ялалтуудыг кэрлэж болох билээ. Австри, Прусс, Оросыг цөмийг нь бут цохисон байв. Испани, Итали Нидерланд, Рейний холбоо хэмээн нэрлэгдэж байсап Германы үлэмж хэсэг, тэр үеэс хойш Варшавын Герцогт улс хзмээн нэрлэгдэх болсон Польш бүгд Францын хараат улсууд болсон байлаа. Удтал нэр төдий боловч оршин тогтнож байсан хуучин Ариун Ромын эзэнт гүрэн нэгэнт эцэс болсон байлаа. Европын голлох гүрнүүдийн дотроос Англи л амжиж мултарсан байв. Наполеон хэзээ ч нууцыг нь тайлж чадалгүй өнгөрсөн тэнгис далай л Английг аварчээ.
Англи улс далайгаа хамгаалж чадсаныхаа ачаар Наполеоны хамгийн хэцүү давшгүй дайсан нь болжээ. Нельсон анх тушаал дэвшин гарч ирмэгцээ л Нил мөрөн дээр болсон тулалдаанд Наполеоны усан цэрэгт цохилт өгч байсан. Нелъсон 1805 оны аравдугаар сарын 21-нд Испанийн өмнө эргийн Трафальгарын хошуунаас холгүй орших хэсэг газар франц испанийн нэгдсэн усан цэрэгт бас дахин их цохилт өгчээ. Чухамхүү тэнгисийн тэр тулалдаан болохын өмнө Нельсон усан цэргүүддээ хандан: «Хүн бүр үүргээ биелүүлнэ гэдэгт Англи орон найдаж байна» гэсэн санамж үүргийг өгч байжээ. Нельсон ид цэцэглэлтийнхээ үед нас барсан ч гэсэн түүний байгуулсан ялалтын дурсгалыг английн ард түмэн бахархсаар ирсэн бөгөөд Лондонгийн Трафальгарийн талбайд байх Нельсоны багана бол Англид цөмрөн орох гэсэн Наполеоны санаархлыг үлдэн хөөсөн ялалтыг мөнхжүүлсэн дурсгал билээ.
Наполеон хариу өшөө авах үүднээс Европын бүх боомтуудад Английг оруулахгүй байх захирамж гаргажээ. Тэр захирамжийн ёсоор англитай ямар ч холбоо тогтоох ёсгүй ажээ. Тийм аргаар «худалдаачдын эзэн» Англи орныг номхтгож чадна гэж үзэж байжээ. Гэтэл Англи хариуд нь тэдгээр боомтыг хааж, наполеоны эзэнт улсыг Америк хийгээд бусад тивтэй худалдаа хийхийг нь зогсоожээ. Түүнчлэн Англи улс Европ тив дэх төвийг сахисан орнуудыг их хэмжээний алтаар хахуулдан Наполеоны эсрэг болгож байв. Энэ хахуулыг Ротшильдын банк мэтийн Европын зарим том банкны ззэд Англи улсад өгч байжээ. Наполеоны эсрэг тэмцэж байсан Английн бас нэг арга бол суртал нэвтрүүлэг байв. Энэ арга хэдийгээр эдүгээ ердийн зүйл болсон ч гэсэн тэр үедээ шинэ арга байсан юм.
Англи улс хэвлэлээр дамжуулан Францын эсрэг, ялангуяа Наполеоны эсрэг үймээн дэгдээж эхэлжээ. Шинэ эзэн хааныг элэглэн шоолсон янз бүрийн өгүүлэл, шог зохиол, ухуулах хуудас, шог зураг хэвлэгдэн гарч, Лондонд хэвлэсэн худал гүтгэлгээр дүүрсэн дуртгал зохиолуудыг Франц руу сэм оруулж байжээ. Өнөө үед хэвлэлээр гүтгэлгийн ажил дэгдээх явдал орчин үеийн дайны нэг салшгүй хэсэг болсон юм. 1914-1918 оны дэлхийн нэгдүгээр дайны үед байлдаж байсан бүх орны засгийн газрууд хамгийн муухай гүжир гүтгэлгийн зүйлсийг ичгүүр сонжуургүйгээр тарааж, мушгин гуйвуулсан гүтгэлэгийг Английн засгийн газар гүйцэтгэж байв.
Наполеон хаана ч очлоо гэсэн Францын хувьсгалын уур амьсгалыг биеэр аваачиж байсан тул байлдан дагуулсан орнуудын ард түмэн түүнийг ирэхэд төдий л эсэргүүцдэггүй байжээ. Тэд хүнд дарамт учруулагч өөрсдийн олиггүй захирагчдаас бүр залхаж гүйцсэн байжээ. Уг байдал нь их ашигтай болж, Наполеоны очсон газар бүр феодализм нуран унаж байлаа. Ялангуяа Германд феодализмыг оргүй болтол арчин цэвэрлэжээ. Наполеон Испанид шашны тамлах ёсыг устгажээ. Гэвч ухамсаргүйгээр түүний дэвэргэсэн үндсэрхэг үзэл өөрийнх нь эсрэг хандаж, эцсийн эцэст түүнийг мөхөлд хүргэжээ. Тэр хуучны хаад, эзэн хаадын эсэргүүцлийг дарж чадавч бүхэл бүтэн ард түмний өөдөөс яаж ч чадахгүй байсан нь мэдээж. Испанийн ард түмэн чухам тэгж түүний эсрэг босож олон жилийн тэр тэмцэлд Наполеон хүч тэнхэл, нөөцөө баржээ. Германы ард түмэн ч гэсэн Наполеоны эвлэршгүй дайсан, гарамгай эх оронч барон Штейний удирдлагаар зохион байгуулалттай тэмцэлд босож, Герман түмнийг чөлөөлөх дайныг эхлүүлжээ. Тийнхүү Наполеоны дэвэргэсэн үндсэрхэг үзэл, тэнгисийн хүчтэй флоттой хамтран түүнийг мөхөөхөд хүргэжээ. «Миний унасны буруутан нь надаас өөр хэн ч биш ганцхан би өөрөө юм»
Өөр хэн ч биш. Би яах аргагүй өөрөө өөрийнхөө хамгийн их дайсан, хувь заяагаа хөнтрөх шалтгааны үрийг хуралдуулсан хүн» гэжээ. Тэр их хүн бас ер бишийн сул талтай ажээ. Асар их нэрэлхүү, санаандгүй төрийн толгойд гарсан хүний зантай бөгөөд өвгөрч өтөлсөн хаад ноёд, эзэн хаадыг өөртэйгөө адил тэгш эрхтэйгээр харьцахыг хүснэ. Ямар ч авьяас чадваргүй ах дүүсээ өндөр албан тушаалд тавьна. Ах дүүс дотроос цорын ганц дөмөг хүн нь 1799 оны төрийн эргэлтийн эгзэгтэй үед Наполеонд тусалсан Люсьен байжээ. Гэвч хожим Наполеонтой муудалцан Итали руу зайлан оджээ. Сүүлд Наполеоныг золгүй байдалд ороход ах дүүс нь бараг цөм урваж, түүнийг ганцаар орхин оджээ. Наполеон бас өөрийнхөө удам угсааны хаанчлалыг тогтоох гэж ихэд эрмэлзэж байв.
Тэрээр Италийн дайнд явж нэр цууд гарахаасаа өмнө царайлаг үзэсгэлэнтэй боловч төдий л тогтвортгүй, төлөв бус Жозефина де Богарнатай ханилан суужээ. Гэвч хүүхэд гараагүй учир өөрийн удам угсааны хаанчлал тогтоох гэсэн хүсэл нь биелээгүйд сэтгэлээр ихэд унадаг байжээ. Хэдийгээр Жозефинад хайртай ч гэсэн түүнэзс салж өөр эхнэр авахаар шийджээ. Оросын их хааны гүнжийг хатан болгохыг хүссэн боловч эцэг нь зөвшөөрөөгүй ажээ. Наполеон Европыг бүхэлд нь атгандаа оруулж чадах байсан боловч оросын эзэн хааны угсааныхантай худ ураг болох гэсэн Наполеоны эрмэлзлийг хаан хэтэрхий даварсан явдал гэж үзсэн ажээ. Тиймээс Наполеон австрийн эзэн хааны охин Мария Луизаг хүчээр хатан болгон авчээ. Түүнээс хүү төрсөн боловч Луиза ухаалаг бус, зан муутай бөгөөд Наполеонд хайргүй байжээ. Тэгээд ч Наполеоныг золгүй байдалд ороход түүнийг хаяж, бүрмөсөн мартсан байна. Энэ хүн зарим талаар өөрийн үеийнхнээс товойн тоодорч гарсан мөртлөө хаант ёсны үзэл санаа шингэсэн хуурамч алдар хүндийн золиос болон хувирсан нь нэн хачирхалтай. Тэглээ ч гэсэн Наполеон хувьсгалын хэлээр олонтаа ярьж тэдгээр тэнэг мулгуу хаадыг элэглэн шоолдог байжээ. Наполеон хувьсгал ба шинэ дэглэмээс санаатай ухарсан боловч хуучин дэглэм, сэтгэлд нь нийцэхгүй, түүнийг хүлээн авахад ч бэлэн биш байжээ. Тэр хоёр тогтолцооноос хоёулангаас нь тасарч аль ч үгүй ацан шалаанд орж яахаа мэдэхгүй байсаар мөхжээ.
Дайны аугаа замнал нь яваандаа түүнийг гунигт төгсгөлд хүргэсэн байна. Өөрийнх нь зарим сайд нар урваж, далдуур түүнийг хөнөөх явуулга хийжээ. Талейран оросын хаантай, Фуше англитай сүлбэлдэв. Наполеон тэдний урвасныг мэдсэн боловч зэмлэхээс үл хэтрэн сайд хэвээр үлдээж байсан юм . Бернадотт хэмээх нэг генерал нь түүний эсрэг тэмцэж, илт ширүүн дайсан болж байжээ. Эх болон ах Люсьенаас бусад төрөл төрөгсөд нь олхиогүй зан гаргаж, олонтаа түүний эсрэг хандаж байжээ. Францад хүртэл дургүйцэл хүчтэй болж, улмаар Наполеоны дарангуйлал улам харгис хатуугаар эргэн олон хүнийг золиосолж байв. Наполеоны сүр хүч нь унтарч, түүний өмөгт хоргодож байсан шадар туслагчид нь зугтах болсон байна. Наполеон хэдийгээр нас залуу ч гэсэн бие бялдар, оюун ухааны тэнхэл чадвар сулдан доройтож эхэлжээ. Тулалдааны үеэр тэр ходоодны үрэвсэлтэй болсон ажээ. Эрх дарх ч бас түүнийг сульдахад нэрмээс болсон байлаа. Тэр урьдын адил чадварлаг хэвээр боловч улам улам хөдлөх нь хүндэрч, эргэлзэн тээнэгэлзэх нь ихсэж арми нь хүртэл гавшгай шаламгаа алдсан байжээ.
Наполеон 1812 онд Аугаа их арми гэж нэрлэгдсэн том армиа удирдан Орос орон руу цөмрөн оржээ. Наполеон оросын армид цохилт өгч, нэг их эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр урагш давшжээ. Оросын арми тулалдахаас зугтан улам ухарсаар байв. Наполсоны Их арми түүнийг салалгүй мөрдөн хөөсөөр Москвад тулж очжзэ. Хаан бууж өгөх гэж байтал Наполеоны хамтран зүтгэгч, генерал нь байсан францын Бернадотт, Наполеон хуулиас гадуур этгээд хэмээн зарласан германы үндэсний үзэлтний толгойлогч барон Штейн хоёр ятгалганд оржээ. Дайсныг угтаж зайлуулахын тулд Орос хайрт Москваг хотоо шатаахад хүрчээ. Москвад түймэр гарсан мэдээ Санкт-Петсрбургт сонсогдоход тэнд хооллон суусан Штейн тэр явдалд зориулан хундага өргөж: «Би ачаа тээшээ гурав, дөрвөн ч удаа алдаж байсан удаатай. Бид ачаа тээшээ хаяж сурвал зохино. Бид нэгэнт үхэх л болсон бол нэр төртэй үхье!» хэмээн хэлж байжээ. Өвлийн тэсгим хүтэнд Наполеон шатаж байсан Москваг орхиж Францын зүг буцахаар шийдсэн байна. Тийнхүү Наполеоны Их арми ядарч туйлдан цасан дундуур жолоогоо эргүүлэхэд араас хийгээд хоёр хажуугаас нь оросын хасгууд гэзэг даран хөөж, дайрч довтлон сандаргаж, сүүлдсэн цэргүүдийг устгасаар байлаа.
Нэг талаас тас хайрсаи хүйтэн болж, нөгөө талаас, хасаг цэргүүдийн довтолгоонд өртөн Наполеоны цэрэг аймшигт сүйрэлд орж, Их арми хувцасгүй, хөл нүцгэн, хөлөө хөлдөөсөн амьд сүг болон хувирч, арай ядан гэлдэрч байжзэ. Наполеон ч генералуудынхаа хамт явган явж байв. Энэ аймшигт, зүрх шимшрэм аялалын замд хүчирхэг армийн цэрэг эрсийн ихэнх нь амь үрэгдэж, бараг сүйрэхийн даваан дээр францад очсон юм. Орост довтолсон тэр аян дайн Францын хүн хүчний нөөцийг ч шавхахад хүргэжээ. Наполеон ч улам өтөлж, сэтгэлийн зовлонд автан тэмцлээс халгах болсон байна. Гэвч түүнийг тайван байлгасангүгй. Хэдийгээр урьдын адил ялалт байгуулан цэргийн их жанжин хэвээр байсан ч өдий төдий дайсан хүрээлэн, туүнийг торонд улам улам хумисаар байжээ. Талейран далдуур хөнөөх нь улам ихсэж, хамгийн итгэлтэй зарим маршалууд нь хүртэл түүнтэй мөчөөрхөх болов. Наполеон урам зориг нь мохож, ядарч мухардан арга буюу 1814 оны дөрөвдүгээр сард хаан ширээнээсээ буужээ. Наполеон нэгэнт унасан учраас европын гүрнүүд Европын газрын зургийг дахин шинэчлэх гэж Вена хотноо их хурал чуулан хуралдуулжээ. Тэд Наполеоныг Газрын Дундад тэнгист байдаг Эльба хэмээх бяцхан арал дээр цөлсөн байна.
Наполеоны дараа ХVIII-р Людовик францын хаан ширээг залгамжлан авчээ. Тийнхүү Бурбонууд эргэн ирж, түүний хамт бас урьдын харгислах ёс үлэмж дэлгэрэх болжээ. Бастилийг унаснаас хойших Наполеоны хорин таван жилийн зоримог гавьяат үйлсийн эцсийн дүн ийм ажээ! Венад цугларсан хаад ноёд, тэдний сайд нар хоорондоо хэрүүл маргаан болохын, завсараар зугаа цэнгэлээ эс мартжээ. Тэдний сэтгэл нэг л их уужуурсан байжээ. Аймшигтай дайсан далд орсон болохоор тэд дахин чөлөөнд гарчээ. Нанолеоноос урвасан Талейран ихэс дээдэст ихэд нэрийг олж их хурал дээр чухал үүрэг гүйцэтгэж байв. Уг хуралд оролцсон өөр цэг нэрт дипломат нь австрийн гадаад явдлын яамны сайд Маттерних байжээ. Гэвч жил ч бололгүй Наполеон ч Эльба арлаас уйдаж, Франц орон ч Бурбонуудаар цатгалдсан байжээ. Наполеон 1815 оны хоёрдугаар сарын 26-нд бяцхан хөлөг онгоцонд суун зугтаж, ганцаараа Ривьер мөрний хөвөөн дэх Канна хотод ирж суурьшсан байна. Тариачид түүнийг таньж их л баярлан угтаж, түүнийг мөрдөн хөөхөөр явуулсан цэргүүд ч өөрийнхөө хуучин жанжин, «бяцхан даргыг» үзээд «Эзэн хаан мандтугай!» хэмээн уухайлан түүний талд оржээ. Тийнхүү Наполеоныг дуулиантайгаар Парист ирэхэд Бурбоны угсааны хаан зугтан одож, Европын бусад улс айн балмагджээ.
Венад үргэлжилж байсаи их хурал, найр цэнгэл ч зогсож, айж сүрдсэн тэр бүх хаад, сайд нар хэрүүл маргаанаа умартан, Наполеоныг дахин даран сөнөөх нэгэн зорилтын дор нэгдэв. Наполеон хэдийгээр дөчин зургаан настай авч эхнэр Мария-Луизадаа хүртэл хаягдан өтөлж ядарсан өвгөн болсон байв. Түүний гундуу байдал гашуун зовлон франц орныг гудайлгаж байсныг хэн ч мэдсэнгүй. Наполеон хэд хэдэн удаагийн тулалдаанд ялсан боловч Брюсселиэс холгүй орших Ватерлоогийн дэргэд болсон тулалдаанд Веллингтон ба Блюхөр нарын командалсан англи, пруссийн армид ялагджэз. Уг явдал Наполеоны буцаж ирснээс хойш яг зуун өдрийн дараа болсон учир тэр хугацааг: «Зуун өдөр» хэмээн нэрлэдэг ажээ. Ватерлоогийн дэргэд болсон тэр тулалдаанд асар их хүч гаргаж, арай ядан ялсан байна. Наполеонд үнэхээр л аз дутжээ. Наполеон тэр тулалдаанд ялах бүрэн боломжтой байсан боловч тэнд яллаа ч гэсэн тэр дараа нь нэгдсэн Европын хүчинд ззавал ялагдах байсан ажээ. Наполеон нэгэнт ялагдсан учраас түүний талын олон хүн амь аврагдахын тулд түүний эсрэг босжээ. Тэмцээд тэмцээд нэмэргүй болсон тул Наполеон хоёр дахь удаагаа хаан ширээнээс огцорч, улмаар францын боомтод байсан английн хөлөг онгоцон дээр очоод ахмадад нь бууж өгөхдөө, Англид очиж нам гүм амьдрахыг л хүснэ гэж хэлжээ.
Гэвч тэр Англи болон Европ, нийтээрээ өгөөмөр сэтгэлээр хүндэтгэн үзнэ байх гэж найдсан нь эндүүрэл болжээ. Тэд Наполеоноос даанч их айдаг, түүнийг аль болох холхон зайлуулж, хатуу чанд харж хамгаалахгүй бол болохгүй гэж үздэгийг Эльбаас түүний оргосон явдал харуулсан байна. Тийм учраас Наполеоны хүсэлтийг үл харгалзан түүнийг хоригдол гэж зарлан Атлантын далайн өмнөд хэсэгт орших, Ариун Елена хэмээх алс холын арал руу хэдэн хүн дагуулан цөлжээ. Түүнийг «Европын хоригдол» гэж үзээд Ариун Елена арал дээр харж цагдаж байхын тулд олон улс гүрэн комиссаруудаа илгээж байсан боловч хэрэг дээрээ түүнийг харж цагдах хариуцлагыг бүхэлд нь англичууд дааж байжээ. Дэлхий ертөнцөөс таслагдсан алс холын тэр арал дээр түүнийг хорьж байхын тулд бараг бүтэн арми илгээх шахсан байна. Оросын комиссар гүн Балъмены бичсэнээр гадаад далайн дунд ганцаар торойх хадан хясаанаас бүрдсэн Ариун Еленагийн арал нь тэр үед «хамгийн уйтгартай хамгаас таслагдсан, яаж ч авирч гарахын аргагүй, хориглон хамгаалахад хамгийн тохиромжтой, дайрч, довтлоход хамгийн хэцүү, хамгийн эл хуль газар байв».
Арлыг хариуцсан англи дарга олиггүй хэрцгий бүдүүлэг хүн бөгөөд Наполеонтой хамгийн хачин муухайгаар харилцдаг байжээ. Наполеоныг арлын аль л бохир муухай хэсэгт жижигхэн муу пүнзэнд хашиж түүнийг болон хамт очсон хүмүүсийг элдэв янзаар хязгаарлаж зовоож тарчилгаж байжээ. Заримдаа хоол ч олдохгүй болдог байжээ. Европт байдаг анд нөхөдтэй нь тэр ч байтугай засгийн эрхийг барьж байхдаа Ромын хаан цол өргомжилсөн бяцхан хүүтэй нь холбоо барихыг Наполеонд үл зөвшөөрнэ. Хүүгийнхээ талаар сураг гаргах ч боломж олгохгүй байжээ. Наполеонтой өгүүлшгүй хэрцгий бүдүүлгээр харьцдаг байсан нь гайхалтай. Гэвч Ариун Елена арлын дарга засгийн газрынхаа л даалгаврыг биелүүлсэн бөгөөд хоригдлыг хатуу нударганы доор байлгах гэсэн английн засгийн газрын бодлого байсан биз. Европын бусад улс гүрэн ч уг бодлогыг зөвшөөрч байжээ. Наполеоны насан өндөр болсон эх нь Ариун Еленад очиж хүүтэйгээ хамт байх гэхэд нь их гүрнүүд: «Болохгүй!» гэсэн хариу өгчээ. Тийнхүү олиггүй хандлага нь Наполеон хэдийгээр даль жигүүрээ хяргуулж, алс холын аралд яаж ч чадахгүй байлаа ч гэсэн Европ түүнээс үхэтлээ айсаар буйг харуулсан хэрэг мөн.
Наполеон тийнхүү бүтэн таван жил хагас Ариун Елена арал дээр амьдаараа авслагдсан мэт байжээ. Тийм их эрэмгий омголол нэр хүндийг эрхэмлэгч хүн хад асга болсон тэр бяцхан арал дээр цөлөгдөн хоригдож, өдөр тутам элдэв шалихгүй доромжлолыг хүлцэн сууна гэдэг юутай хэцүү байсныг төсөөлөхөд төвөггүй билээ. Наполеон 1821 оны тавдугаар сард нас баржээ. Түүний үхсэний дараа ч гэсэн арлын дарга үзэн ядаж мөрдсөн хэвээр, булшийг нь хүртэл оронцог төдий юм босгожээ. Наполеонтой муугаар харилцаж, мөрдөн хавчиж байна гэсэн мэдээ Европт хэдий удаан ч сонстох тутам нь (тэр үед шинэ мэдээ ихэд удаж ирдэг байжээ) олон оронд, түүний дотор Англид уг явдлыг эсэргүүцдэг байжээ. Тэр өөдгүй ажлыг гардаж байсан гол буруутан нь Английн гадаад явдлын яамны сайд Каслри бөгөөд тэр түүнээсээ болон дотооддоо ч харгис хатуу бодлого явуулсан учир нэр хүнд нь асар их мууджээ. Тэр этгээд үүнд сэтгэлээр унаж амиа хорлож үхсэн ажээ. Нэрд гарсан гарамгай их хүмүүсийг үнэлнэ гэдэг хэцүү хэрэг, харин Наполеон нэрд гарсан их хүн байсан гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм. Тэр бол бараг байгалийн хүчин адил аяндаа гарч ирсэн хүчтэн байжээ. Хэчнээн өргөн баян үзэл бодолтой байсан атал хүсэл эрмэлзлэлийнх нь үнэ цэнэ, үнэн шударгыг ойлгож үнэлэх чадвар хэнд ч байсангүй. Наполеон алдар цол, эд баялаг амлан хүмүүсийг өөртөө татаж, тэдэнд аятай сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг байжээ. Гэвч алдар сүр, эрх мэдэл нь багасаад ирэхээр дэвшүүлсэн хүмүүсийг тогтоох үнэмшилтэй юмгүй болж, олон хүн түүнийг өрөвдөх сэтгэлгүйгээр орхин оджээ. Шашин бол түүний хувьд зөвхөн золгүй, ядуу ядмаг хүмүүсийг хувь заяанд нь итгүүлэх хэрэглүүр байсан. Тэр загалмайтны шашны талаар хэлэхдээ: «Сократ, Платоныг хараан зүхэж байсан шашинд би яаж орох билээ?» гэж байжээ. Египетэд очоод ислам шашинд автаж байсан нь тийм аргаар ард түмннй дотор нэр хүнд олж явна гэж бодсоноос цаашлахгүй. Тэр үнэхээр шашин шүтдэггүй ч гэсэн шашныг оршин байгаа нийгмийн байгууллын түшиг гэж үзэж дэмждэг байжээ. «Шашин хэн нэгний тэгш ёсны үзэл санааг бурхан тэнгэртэй холбож баячуудын хөнөөлөөс ялуучуудыг аварч байдаг юм. Шашин бол тарилга шиг үнэ цэнтэй зүйл. Шашин бидний хүсэл эрмэлзлэлийг гүйцэлдүүлж, хуурамч дэмий амьтадаас хамгаалж байдаг... Эд хөрөнгийн хувьд тэгш биш байхгүйгээр нийгэм оршин тогтнож чадахгүй, харин шашингүйгээр эд хөрөнгө тэгш байж чадахгүй. Хажуугийн хүн нь элбэг дэлбэг идэж ууж байхад өлсөж үхэж байгаа хүн дээдсийн их хүч байгаад л итгэн, өөр ертөнцөд очоод идэж уухыг өөр янзаар хуваана гэж сэтгэлээ зогоож байвал л боллоо» гэж хэлдэг байжээ.
Хүчиндээ эрдсэн тэр хүн: «Хэрэв тэнгэр бидний дээрээс унахад хүрвэл бид түүнийг жадныхаа үзүүр дээр тогтоочихно» хэмээн хэлж байсан гэж ярилцдаг.Тэр их хүмүүсийн нэгэн адил хүнийг биедээ татаж чаддаг бөгөөд үнэнч сайн нөхөр олонтой бэйжээ. Тэр Акбарын нэгэн адил увдисын хурц харцтай байжээ. «Би сэлмээ хуйнаас нь ховорхон сугалсан, тулалдаанд зэвсгийн хүчээр биш, харин нүднийхээ харцаар л би ялдаг байсан» гэж тэр хэлсэн гэдэг. Хожим тэр цөллөгөнд байхдаа хүн зорьсоноо хүч хэрэглэн бнелүүлж чадахгүй, хүний оюун ухаан сэлэмнээс илүү иртэй гэж ярьжээ. «Юу юунаас илүү миний хамгийн их гайхдаг юм юу гээч? Юмыг зохион байгуулж эс чадах хүч мөн. Энэ ертөнцөд оюун санааны хүч, жадны хүч гэсэн хоёрхон л хүч бий. Улиран өнгөрөх цагийн эцэст илд сэлэм ямагт оюун ухаанд л ялагддаг байна» гэж хэлжээ. Гэвч түүнд хүлээх цаг хугацаа олдсонгүй. Тэр зогсоо зайгүй яарч, шууд л жад сэлмээс эхэлжээ. Сэлмийн хүчээр ялж, бас мөнөөхөн сэлмэндээ өлгөгдөн мөхжээ.
Тэр цааш нь хэлэхдээ: «Дайн бол улирч балрах зүйл, их буу, жад сэлмэнд хүрэлгүйгээр ялдаг болох цаг ирнэ» гэжээ. Түүний амьдран байсан цаг үеийн нөхцөл байдлын эрхшээл илүү хүчтэй байсан тул нэр төрийг уйгагүй хөөцөлдөгч зан болон дайн тулаанд төдий л төвөг зовлонгүй ялж, гэнэт цоргин гарч ирсэн түүнийг Европын хаад эзэд үзэн ядаж, бас түүнээс айн эмээдэг байсан тэргүүтэн олон хүчии зүйл түүнийг амар тайван байх аргагүйд хүргэжзэ. Тэр дайн дажинд учир утгагүй олон хүний амь насыг хөнөөсөн мөртлөө зовж шаналж буй хүнийг үзээд сэтгэл нь ихэд эмтэрдэг байсан гэж ярилцдаг юм. Тэр хувийн амьдралдаа эгэл жирийн байдаг, илүү дутуу юм хэрэглэдэггүй, уйгагүй, их ажилладаг байв. «Хүн бага иддэг ч гэсэн заавал хоолоо хэтрүүлэх нь байдаг. Хүн их идсэнээс болохоос биш, бага идсэнээс хэзээ ч өвдөхгүй» гэж тэр үздэг ажээ. Түүний амьдралын ерийн жирийн энэ байдал үнэхээр эрүүл чийрэг, нэн эрэмгий чадлынх нь эх сурвалж болж байжээ. Тэр унтаж амаръя гэсэн цагтаа унтаж чаддаг, санасан зоргоороо бага унтаж чаддаг байв. Тэр өдөрт зуун миль газар мориор давхихыгаа юмын чинээ боддоггүй байжээ.
Нэр сүрэнд их дуртай нь түүнийг Европ тивийг хөндлөн гулд давхин гарахад хүргэсэн төдийгүй, ерөөс Европыг ерөнхий нэг засгийн газартай, нэг хуультай, нэгдсэн нэг улс байх ёстой гэж бодоход хүргэжээ. «Би бүх Улс үндэстнийг нэг тогоонд хийнэ» гэж байв. Хожим нь Ариун Елена арал дээр цөлөгдсөн байхдаа ч уг санаагаа бүр лавшруулан: «Эрт орой хэзээ боловч тийнхүү ахуй нөхцөлийн эрхээр нэгдэх (европын улсууд) цаг гарцаагүй ирнэ. Түүний анхны алхмыг нэгэнт хийсэн, миний систем бүтэлгүй болсноос хойш Европ дахинд зохистой байдал тогтоох ганц зам бол үндэстнүүдийн холбоо (Лигинаций) байгуулах явдал гэж би санадаг» гэж байжээ. Зуун жил өнгөрөхөд Европ нэгдэх арга зам хайн сүвэгчилсээр байгаа бөгөөд үндэстнүүдийн Холбоог ч байгуулж үзэж байлаа. Түүний бичсэн сүүлчийн гэрээслэлд Ромын эзэн хаан болно хэмээн зөгнөж байсан ба холбоо барихыг хатуу хориглосон хүүдээ явуулсан илгээлтэнд хамт оржээ. Нэгэн сайхан өдөр хүүгээ эзэн хаан болно гэж найдсаар байсан агаад тэгэхийн цагт хүч үл хэрэглэн энх тайван аргаар улс гүрпээ жолоодохыг түүнд зөвлөсөн байна. «Би Европыг зэвсгийн хүчээр айлган номхотгохоос аргагүй байлаа.
Одоо бол түүнийг оюун ухааны хүчээр итгүүлэн сэнхрүүлбэл зохино» гэж бичжээ. Гэвч хүү нь хаан суух тавилангүй байв. Эцгийнхээ нас барснаас хойш арван нэгэн жилийн дараа хүү нь Вена хотноо залуухнаараа бие баржээ. Хэдийгээр цөллөгөнд хавчигдан тарчилж байлаа ч гэсэн энэ бүх санаа бодол түүний сэтгэлд орж ирж л байсан байна. Энэ нь бас хойч үеийнхэнд өөрийгөө зөвтгөх санаа агуулсан ч байж болох юм. Алдар сүр нь ид мандан байх үедээ тэр үйл хөдлөлийг гүн ухаанаас урьтал болгож, бүхнийг засгийн эрхийн шүтээнд золиослон өргөжээ. Тиймээс цорын ганц чинхүү зүрх сэтгэлийн хүслэн нь засгийн эрх байв. Ингэхдээ тэр түүнд бүдүүлгээр биш, жүжигчний уран чадвараар зүрх сэтгэлээ өгчээ. «Хийлчин хүн гайхамшгийн сайхан өнгө аялгуу гаргах гэж хийл хөгжмөө хайрлаж байдгийн адилаар би засгийн эрхэнд тэгж дурласан юм» гэжээ.
Ер дэндүү их эрх мэдэлд шунаглах нь аюултай, тийм эрх мэдэл олж авсан хүн хийгээд улс үндэстэн эрхбиш эрт орой алин боловч балран унахыи марцанд тулдаг ажээ. Өгүүлэн буй тэр үед Францад Бурбонуудын ноёрхол тогтсон байлаа. Гэвч Бурбонууд юунд ч сураагүй, юуг ч мартаагүй гэж ярилцдаг. Наполеоныг нас барснаас хойш есөн жилийн дараа Франц орон Бурбонуудаас уйдаж гуйцсэн тул тэднийг түлхэн унагажээ. Шинэ хаант ёс тогтож, Наполеонд сайн сэтгэл гаргаж дурсгалын нь хүндэтгэж байгааг харуулан Вандомын баганын орой дахь түүний цээж баримлыг авч хаясныг дахин байранд нь тавиулсан байна. Өтөлж нүдний хараагүй болсон Наполеоны хөөрхий хөгшин эх «Эзэн хаан дахин Паристаа ирлээ» гэж хэлж байжээ.
No comments:
Post a Comment